Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго

Иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдээ, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбарчилсан хэлбэрээр хүргэх замаар бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

Зорилт 1. Бүх нийтийн эрх зүйн боловсролын агуулга, арга зүйг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд нийцүүлэн боловсронгуй болгоно.

Зорилт 2. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд шаардлагатай техник, санхүү, хүний нөөцийг бүрдүүлж, тогтсон мэдээллийн сувгуудыг бий болгон тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг бүх нийтэд хүргэнэ.

Зорилт 3. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд бүх талын идэвхтэй оролцоог хангаж, тэдний үйл ажиллагааг уялдуулна.

Хөтөлбөр хэрэгжих хугацаа

Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Нэгдүгээр үе шат (2018-2020 он): бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Хоёрдугаар үе шат (2021-2023 он): эхний шатны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн үр нөлөө

Хөтөлбөрийн нийгэмд үзүүлэх үр нөлөө:

  • Иргэд хаана, ямар нөхцөлд амьдарч байгаагаас үл хамааран эрх зүйн үйлчилгээ, мэдээллийг саадгүй авах нөхцөл бүрдэнэ;
  • Иргэд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн хүрээнд хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх чадвар, боломж нэмэгдэнэ;
  • Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо нэмэгдэж, төрийн байгууллагаас гарах аливаа шийдвэр нь хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх нөхцөл бүрдэнэ;
  • Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хамт олон, иргэдийн оролцоо, дэмжлэг сайжирна;
  • Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг төрийн үйл ажиллагаанд хэвшүүлэх, хуулийг хүндэтгэн сахин биелүүлэх иргэдийн эрх зүйн ухамсар дээшилнэ.

Хөтөлбөрийн эдийн засгийн үр нөлөө:

  • Иргэд эрхээ эдлэх, баталгаажуулах боломж бий болсноор амьжиргаагаа дээшлүүлэх бололцоо нэмэгдэнэ;
  • Иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх иргэдийн чадвар нэмэгдсэнээр бусдын буруутай үйл ажиллагааны улмаас учрах эдийн засгийн хохирол буурна;
  • Эрх зүйн мэдээлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх цахим сүлжээг нэвтрүүлснээр эрх зүйн мэдээлэл, туслалцаа авахад хялбар болж, зардал буурна;
  • Хуулийг хүндэтгэн сахин биелүүлэх иргэдийн ухамсар дээшилснээр гэмт хэрэг, зөрчил буурна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

Төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны 1 дүгээр сард багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх бөгөөд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

Шаардлагатай тохиолдолд Үндэсний зөвлөл хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 18 сараас доошгүй хугацааны дараа үр дүнд суурилсан явцын үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээ хийлгэж болно.

Хөтөлбөрийн 1, 2 дугаар үе шат хэрэгжиж дуусах хугацаанаас 6 сарын өмнө үр дүнд суурилсан эцсийн үнэлгээ хийлгэж, тайланг Үндэсний зөвлөлөөр хэлэлцэн үр дүнг Засгийн газарт танилцуулна.

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийн дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү

https://www.legalinfo.mn/annex/details/8333?lawid=13249