Аян замын тэмдэглэл-2

Аян замын тэмдэглэл-2

2015 оны 08 сарын 18-ны Мягмар гараг

Өглөө эрт босож ачаагаа бэлдсэнээр шинэ өдрийн аялал маань эхэлж байна. Сургуулийн захирал Ган-Очир өглөө эртлэн босож халуун цайгаар дайлан биднийг замд минь үдлээ. Энэ өдөр өмнөх өдрүүдээс арай дулаахан байсан боловч Идэр голын шавар ихтэй хөндий, овон товон шороон замаар явахад төлөвлөсөн хугацаанаасаа нэлээд хоцорч байлаа. Дараагийн зогсоол бол Завхан аймгийн Сонгино сум байв. Энд манай томилолтын багийнханд багш нарын бэлтгэсэн халуун хоолоор дайлуулж сургуулийн хуучин актлагдсан дотуур байрны айдас төрүүлсэн хэрнээ нууцлаг төрхийг харж биширлээ.

Сонгино сум нь хангай газар боловч говь хээрийн шинж хосолсон уудам нутагтай үзэсгэлэнт байгальтай газар юм.

Бид цааш хөдөлж Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт хээр майхнаа барин хоноглох болсон бөгөөд таана, хөмүүл хамар цоргин үнэртэх нь хангай газар гэхэд нэг л итгэмээргүй. Энд л тал нутгийн байгалийн үзэсгэлэнг харж биширсэнээ нуух юун. Наран жаргах мөчид аргалын утаа талд тогтож униартаад тайван идээшлэх үхэр сүрэг хажууханд бэлчинэ. Тэртээ хол ганц цагаан гэр бөртийж ойрмогхон нь адуун сүрэг тогтсон байх аж. Уран зураг эсвэл уран дүрслэл энд багадмаар санагдсан. Хөдөө нутгийн цэвэр агаарт хээр майханд хонож үзсэнээр энэ өдрийн аяллын зам дууслаа.

2015 оны 08 сарын 19-ны Лхагва гараг

Өглөө сэрнэ гэдэг хотын бидэнд том асуудал байдаг. Гэхдээ энэ сайхан нутгийн цэвэр агаарт өглөөг угтана гэдэг хамгийн сайхан амралт болж байв. Эндээсээ бид сургалт зохион байгуулах гол газар Увс аймгийн Тариалан сумруу хөдлөнө. Замдаа бид Монгол орны томоохон нууруудын нэг болох Хяргас нууран дээр саатсан юм. Хяргас нуурын ус нь олон төрлийн эрдэс бодисоор баялаг бөгөөд байгаль хамгаалагчийн хэлснээр давст нуур биш содатой нуур гэв.

Хяргас нуур нь Увс аймагт байрлах, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газар болгож авсан бөгөөд нийт 3,328 кмІ нутгийг хамрана. Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно.

Багш мэргэжилтнүүд маань нуурын усанд алжаалаа тайлж байх зуур Хар тэрмэс хэмээх амралтын газраас загасны махан хуушуур авч өдрийн цайндаа орсон юм. Амттай бас сонирхолтой хоол гэж л үүнийг хэлэх байлаа. Хяргас нуураас цааш хөдөлснөөр сүрлэг өндөр уулсын өвөрт орших Ихэл хуур, бие биелгээний өлгий нутаг Увс аймгийн Тариалан сумнаа хүрч очсон юм. Тус сум нь анх Дөрвөд далай хан аймгийн Зоригт хааны хошууны Алтан тээл сум нэртэйгээр 1925 онд байгуулагдаж 1934 онд Увс аймгийн Тариалан сум нэртэй болжээ. 

Тариалан сум нь Алтайн нурууны салбар уулс болох Мөнх цаст Хархираан уулсаас Увс нуур хүртэл үргэлжилсэн 247,9 мянган км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй Увс аймгийн Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Ховд, Улаангом сумуудтай хиллэдэг. 
Улаанбаатар хотоос 1340 км Улаангом хотоос 31 км алслагдсан газар нутгийн хувьд ерөнхийдөө өндөрлөг далайн түвшингээс дээш 1600-4200 м-т оршдог эрс тэрс уур амьсгалтай зуны улиралд 35С хэм хүртэл халж хүйтэрдэг. Хархираа, Түргэний болон Цагаан салаа, Харгайт, Гурван хороо, Бургастай, Орлого, Намир зэрэг том жижиг голууд, Их бага Адуун нуур, Яст, Шар, Хар зэрэг нууруудтай. Буга ,Марал, Янгир, Аргаль, Ирвэс, Шилүүс, Дорго, Нохой зээх, Гахай зэрэг ховор амьтад нутаглаж агь, ерхөг, арц, таана, хөмүүл, сонгино, тошлой, үхрийн нүд, нохойн хошуу,тэхийн шээг зэрэг эмийн болон бэлчээрийн ургамал ургадаг. 

Тариалан сумын засаг даргын орлогч Тэгшжаргал, Тариалан сумын сургуулийн захирал З.Өнөржаргал, Насан туршийн боловсролын нэгжийн менежер М.Хишгээ, багш Цэдэвсүрэн нар биднийг хүлээн авч уулзан сум, орон нутгийнхаа талаар хуучилж зорьж яваа үйлсийг маань талархан хүлээн авсан юм. Үүний дараа биднийг сургуулийн дотуур байранд байрлууллаа. Биднийг өрөөндөө байрласны дараа баруун таван аймгийн багш мэргэжилтнүүд аян замаас ар араасаа ирцгээсэн юм. Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн насан туршийн боловсролын төв, нэгжийн багш нартай нутаг орны сонин хачинг хуучлан, ажил бүтээлийнх нь ололт амжилтаас хуваалцсан нэгэн сайхан үдэш ийнхүү өндөрлөсөн юм.

 2015 оны 08 сарын 20-ны Пүрэв гараг

Өглөө 7 цагаас өглөөний ундандаа орох дуудлагаар бид цугларлаа. Тариалан сумын сургуулийн багш нар биднийг чин сэтгэлээсээ халамжлан өглөө эрт босож амттай цай унд бэлтгэсэн байжээ. Сургалт 9 цагаас эхлэх учир хоёр ээлжээр хуваагдсан багш мэргэжилтнүүд цайндаа орчихоод хувийн бэлтгэлээ базаахаар өрөө өрөөгөө зорисон юм. Насан туршийн боловсролын үндэсний төвийн ээлжит сургалт үр өгөөжтэй, шинэ санаа оноотой байдгаараа маш онцлог. Увс аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ, Боловсрол соёлын газрын орлогч дарга Баянцэнгэл, Тариалан сумын засаг дарга нар нээлтэн дээр хүрэлцэн ирж урмын сайхан үгс хайрласан төдийгүй нутаг орныхоо онцлог сайхныг, хийж бүтээсэн ололт амжилтынхаа дээж номыг бидэнд гардуулсан юм. Энэ жил 90 жил нь болж аймаг сумаараа ололт амжилтаар дүүрэн байгаа нутаг зоныхон аялал жуулчлалыг дэмжих, нутаг орноо таниулах зорилгоор танилцуулга ном, бүтээл гаргасан нь гайхалтай сайхан санаа ажээ. Өдөржин үргэлжилсэн сургалтын дараа танилцах үдэшлэг болдог нь уламжлал. Багш нар маань хоорондоо танилцаж арга туршлага, ур чадвар, ололт амжилтаасаа хуваалцах чөлөөт цаг гэж нэрлэж болно. Танилтай бол талын чинээ гэдэг шүү дээ.

Сэтгэгдлүүд