Аян замын тэмдэглэл-1

Аян замын тэмдэглэл-1

2015 оны 08 сарын 16-ны өдөр

БСШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв баруун бүсийн аймгийн багш нарыг чадавхжуулах сургалтынхаа томилолтын хүрээнд энэ л өдөр аян замдаа гарсан юм.Бидний эхний зогсоол бол Улаанбаатар хотоос 230 км зайтай орших Элсэн тасархайхэмээх газар байв.

Элсэн тасархай

Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 километр орчим урт элсэн манхан юм. Төв зам энэ элсэн манханг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Тарнын голын нөлөөгөөр элсэн доороо чийгтэй байх бөгөөд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Эргэн тойронд нь жуулчны баазууд байрлах бөгөөд хойд талд нь Хөгнө хаан хэмээх үзэсгэлэнт сайхан уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино.

Үдийн хоолоо идэнгээ хангай газрын элгэнд орших үзэсгэлэнт говь хээрийн бүстэй танилцаж сонирхлоо. Тэнд аж төрдөг малчид морь, тэмээ унах санал тавьж хэд гурван төгрөг олдог аж. Хамгийн бяцхан бизнэсмен нь 5-6 настай улаан дээлтэй хүү байлаа. Номхон тэмээ хөтөлж, жижиг бор мориныхоо нуруун дээр яаж мордсон нь мэдэгдэхгүй бяцхан хүү бусдаасаа хямд үнээр морь тэмээгээ унахыг санал болгов. Бяцхан хүүгийн морь тэмээг унаж байхад хэвлүүхэн яриагаар нутаг орноо танилцуулж суусан хүүг бид аян замын хоолоороо дайлсан юм. Бидний цаг давчуухан учир цааш хөдөллөө.

Хичнээн цаг хугацаа бага байсан ч Архангай аймгийн Ихтамир суманд байрлах түүхт Тайхар чулуун дээр очиж сонирхсон юм. VIIIX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнжтэй, харалдаа ард нь тайхар чулуу руу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг, арын уул нь тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Гэвч он цагын аясаар уул элэгдэж, ус ширгэж үгүй болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдрийн тайхар чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт нэгэн бүтээл болон үлджээ.

Дараагийн зогсоол Архангай аймгийн Тариат сум. Тариат суман дахь Насан туршийн боловсролын нэгжийн хамт олон сургуулийнхаа дотуур байранд хонох боломжийг олгосноор бид энэ шөнө ая тухтай амарч чадсан юм.

2015 оны 08 сарын 17-ны Даваа гараг

Өглөө нь холыг зорьж яваа биднийг сургуулийн дотуур байрны хамт олон аагтай халуун цайгаар дайлж цайлан замд минь үдсэн бөгөөд энэ л өглөө хангай газрын адаар гэмээр ч юм шиг аальгүй гэмээр нэгэн занг бид олж харлаа. Өчигдөрхөн зун л байсан юмсан. Харин өглөө босоод ирэхэд өвөл болчихжээ. Сүрлэг уулсын оройгоор цас манаж, үүрээр ид есийг санагдуулам хүйтэн тачигнаж байсан ч багш нар маань зорьсон замдаа гарсан юм. Замдаа эртлэн гарсны ачаар их үдийн алдад Монголын томоохон даваануудын нэг Солонготын даваанд ирэхэд өвдөг шүргэм цас, цасанд боогдсон том, бага машинууд угтлаа.

Цааш зам үнэхээр хүнд байсан ч жолооч маань ур чадвар гарган шавар шавхайг сүлжиж зорьсон газарруугаа хурдалсаар л байв. Их бүтээн байгуулалтын ажил үргэлжилж хар зам тавихаар олон ч газар хаасны улмаас бид ихэвчлэн шороон замаар донсолж үсэрч явсаар байв. Автобус маань шаварт эргэж биднийг багагүй сандаргасан ч хамт олны хүч гэдэг энд л гарна. Дуу нэгтэй хүчээ нэгтгэн автобусаа шавраас гаргаад цааш хөдлөнө. Шөнөдөө буусан хяруу, цас, өглөөгүүр шивэрсэн бороо бидний замыг хүнд хүчир болгосоор л байлаа. Хоёр дахь удаагаа шаварт автобус маань сууж цаг нэлээн хороов. Эрдэмт багш нар хүчээ нэгтгэн зүтгэсэн ч энэ удаа унаагаа гаргаж авна гэдэг тун бэрх байлаа. Харин азаар нутгийн сайхан сэтгэлт залуус бидэнд тусалсан юм. Мэдээж аян замын хоол идэх хэрэгтэй.
Ийм учраас бид замдаа Завхан аймгийн Их-Уул суманд байрлах жижигхэн цайны газар оройн хоолоо идэхээр буудалласан юм. Аяны хоол амттай. Элдэв амтлагч, хачир холиогүй цуйван нүд ирмэхийн зуур бэлэн болж багш, мэргэжилтнүүд маань ч эрч хүчээр цэнэглэгдсэн юм. Энэ өдөр бид ердөө л 165 км-ээр зам хороосон байв. Биднийг цааш замдаа гарахаар зэхэх үед Их-Уул сумын Насан туршийн боловсролын төвийн багшболон сургуулийн захирал хоноод явахыг санал болгосон юм. Тухтай цэвэрхэн дотуур байранд биднийг байршуулж сургуулийн захирал Ган-Очир хичнээн шөнө орой болсон ч гэсэн халуун цай, шинэхэн хайлмагыг гэргийгээрээ зэхүүлэн авчирч биднийг дайлсан юм. Аймгийн хэмжээнд хамгийн олон хүүхэдтэй сургууль бөгөөд багш мэргэжилтнүүддээ хэрэгтэй санаа оноог ярьж санал солилцож байлаа.

Сэтгэгдлүүд